Түнхэл тосгон руу вагонтай аяласан бяцхан аялалын блог минь

Sunny Сайхнаа
5 min readJul 18, 2019

--

Зураг шиг байгаль

Бидний гайхалтай вагонтой аялал

Миний хувьд энэ зун 6 сараас эхлээгүй харин 7 сараас эхэлсэн юм. Хөдөө ээлжийн ажилтай байдаг учир амралт минь 7 сард эхлэв ээ. Мөн хамгийн гоё үйл явдал нь алс холын Солонгос орноос хайрт найз минь ирж найзууд бидний хүсэн хүлээсэн өдөр ирсэн юм. Бидний цаг хугацааны давчуу байдлыг харгалзан үзвээс бидэнд ердөө хамт даа байх 5 өдөр байв. Тийм болохоор ойрхон хаашаа аялах вэ гэсэн бодол хэдэн өдөр эргэлдсээр фэйсбүүкээр дагадаг Bat Munkh ахийн Түнхэл тосгон руу явсан аялалын пост маш их таалагдсан учир Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгон руу явахаар шийдэв. Их хотоос 120 км зайтай.

Энэ удаа машинаар биш галт тэргээр явах нь илүү хөгжилтэй, дурсамжтай санагдсан учир заавал вагонд сууж явсан юм. Вагонд суух би дуртай. Хүсвэл машинаар явсан ч болно.

Өдөрт 3 вагон явдаг. Эхний вагон 10:45-аас дараагийнх нь 17:45-аас тэгээд орой 20:45-аас. Купей 11000, Нийтийнх 3500 төгрөг. Хямдхан бас хөгжилтэй :) Адал явдалтай. Шинэ хүмүүстэй танилцана, ярилцана, хөөрөлдөнө. Сайхан хөзөр тавьна.

Ер нь аялалын маань гол сонирхолтой зүйл нь вагон байсан юм. Вагон дотор бидний олон сайхан дурсамжууд хөвөрдөг шүү дээ. Хөзөр тоглоно тэгээд бүр шийтгэлтэй. Хөгжилтэй бичлэг хийж тоглоно, найзуудаараа романчиклана гээд хийх юм ихтэй. Дараагийн аялалаараа вагонаар Орос явбал бүр илүү их адал явдалтай явна даа.

Энэ удаагийн аялалын хувьд амралтын газар буудаллахаар шийдсэн юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд миний олж мэдснээр 2 амралтын газартай. Түнхэл тур, Ноён тур.

Миний хувьд Ноён турыг сонгосон. Утсаар яриад очно шүү гэдгээ хэлээд захиалгаа өгчих хэрэггтэй. Өртөөнөөс амралтын газрын машин тосоод л авна.

Гэр, байшингийн сонголтоос хамаараад нэг хүний хоногын 30000–45000-ын хооронд. Өдрийн 3 хоолтой. Бид нэг хүний 35000-аар модон байшин авсан. Цэвэрхэн, тохилог. Байрны сонголт бол өргөн. 20-уулаа явсан ч нэг гэрт орж болно. Хоолны хувьд урьд нь аялал зугаалганд өөрсдөө хоолоо хийж иддэг байсан боловч ингээд нэг удаа амралтын газар буудаллавал хоол хэн хийх вэ гэдэг маргаант асуудалгүй, хоол хийхэд цаг үрэгдэхгүй амар юм. Тэр цагаа өөрсөддөө л зориулна :))

Дуу шуутай хөгжөөнтэй явсны эцэст бид зорьсон газраа буув. Ойролцоогоор 4 цаг явж зорьсон газартаа хүрнэ. Түнхэл сумыг яг дараагийн буудал 264-р өртөө. Ярьж тохирсны дагуу амралтын газрын жолооч ах маань биднийг тосож байв. Амралтын газар хүртэл км гаруй зайтай.

Эргэн тойрны байгаль сайхан бол зураг аа зураг. Ногоон тал, өтгөн ой мод, сэтгэл гижигдэм чийгний үнэр. Байгалын төгс бүрдэл. Агаарын сайхныг нь ээ. Уушигны хирээрээ амьсгална шүү дээ.

Хөөрхөн модон байшин даа ачаагаа тавьж төвхнөсний дараагаар амттай сайхан оройн хоолоо идэв. Хоол бол амттай. Амралтын газар шпагетти иднэ гэж бодоогүй шүү. Ингээд л эрч хүчээ сэлбэж байгаа юм даа.

Тэгээд хүссэн бүгдээ хийж болно. Теннисний ширээ, сагс, волейболын талбайтай. Бооцоотой гал манаргасан халуухан тоглолт хийж болно шүү.

Орой дискотой. Жинхэнэ төрөл бүрийн ая явнаа. Ёстой хотын барнууд цаашаа шүү. Эмээ өвөө нарийн үеийн дуун дээр бол бүжиглэж чадах юм байна лээ. Аан бас караокэтэй. Байхгүй юм байхгүй ээ.

Найз Солонгосоос нэг ийм хар шуурга ч гэнэ үү нэг юм авчирсаан ххи ..

Шөнө дөө гоё кино үзэх төлөвлөгөөтэй байсан боловч 4G сайн уншаагүй болохоор энэ төлөвлөгөө маань талаар болсон. Гар утсан даа татаад авчихвал зүгээр юм байна лээ.

Тэгээд дараагийн төлөвлөгөө бол найзуудтайгаа асуулт хариултын тоглоом тоглосон. Энэ тоглоом нь бид нар бие биенийгээ хэр сайн мэдэх вэ мөн танин мэдэхүйн асуултуудтай. Сайхнаагийн анхны хайр хэн байсан бэ, их сургуульд байх даа хаашаа орж хоол иддэг байсан бэ, хэн нь хамгийн анх iphone барьсан бэ ? гэх мэтээр хуучны сайхан дурсамжуудаа сэргээгээд шөнөжингөө тоглосон. Мөн мэдээж охидын яриа өрнүүлэлгүй л яахав :) Бие биенийгээ үгүйлж санасан сэтгэлээ дэвтээсээн. Зуны шөний сайханыг ээ.

Цагийг яаж сонирхолтой хөгжилтэй өнгөрөөх санаа бол хязгааргүй ээ.

За тэгээд алтан шаргал нар тэнгэрт хөөрч, өглөөний цэнгэг агаар цээж дүүргэж, цонхоор орж ирэх сэвэлзүүр салхи хацрыг минь илбэж, морь янцгаах, үхэр мөөрөх дуу, шувуудын жиргээ сонсогдох нь юутай ч зүйрлэхийн аргагүй асар их амар амгалан билээ. Их хотын дуу чимээ, уур уцаар, стресс, ухаалаг төхөөрөмж, нийгмийн сүлжээ, амьдралын тэмцэлд бидний тархи, сэтгэл хичнээн их ядардаг бол доо. Нэг хэсэгтээ л мартуулсан даа.

Өглөөний цайндаа гэх зохион байгуулагчын дуу, өглөөний амттай каш, хөвсгөр цагаан талх, сүү үнэртсэн масло, данхтай хар цай эгээтэй л цэцэрлэгт байгаа юм шиг.

Хүсвэл ойрхон малчин айлаас сүү, тараг, шинэхэн өрөм, цөцгий захиж авчруулж болно. Күэ мөн их тансаглал аа.

Өглөөний цайны дараа юу хийж хуйхаа маажих нь бидний л дур. Хүссэн зүйлээ хийж болно. Хараа голын усанд дураараа тоглож наадаж болно. Гол ус ойрд үзээгүй хүмүүс чинь хөөрч баярласан гэж жигтэйхэн. Дээрээс нь голын хүйтэнд усанд тарвасаа хөргөж байгаад идэх чинь жинхэнэ жаргал шүү дээ. Өдөр тийшээ гол бүлээсээд дэндүү таатай. Голын усанд таавчикаа хөвүүлээд араас нь авах гэж адал явдал болсоон. :P

Үзэсгэлэнт хараа голд усаар байлдаад, ядартлаа тоглож наадаад, нар салхи ус байгалиас энергиэ нөхөж аваад сайхаан сайхан. Хамгийн гол нь хамт даа байх. Энэ л жаргалтай цаг мөчийг бид 2 жил хүлээсэн юм. Хол зай гэж …

Жаргалтай байхад цаг хурдан гэж нэг л мэдэхэд явах болсон байв. Сэтгэлдээ багахан гунигтай, дахин ирэхийн ерөөл тавиад уулсын дундах Улаанбаатар луугааа хөдөлсөн юм. /Буцах тасалбараа хотоос авж болно, вагондоо суугаад авсан ч болно./

Буцах зам хөгтэй, хөөртэй, дурсамжтай, адал явдалтай.

Энэ бяцхан аялалын блогыг минь уншиж байгаа та ч бас анд нөхөд өө аваад, вагонтой гайхалтай аялалыг хийгээрэй. Аялал гэдэг заавал гадаад улс руу явж далайн эрэг дээр хэвтэх биш юм шүү. Ойр байгаа ч очиж үзээгүй газраа үзэх нь бас нэг сайхан аялал юм шүү! Дэргэдэх эрдэнээ анзаар. Хэхэ

Зун дуусах болоогүй байна аа.

--

--

Sunny Сайхнаа
Sunny Сайхнаа

Written by Sunny Сайхнаа

Өдөр бүр аз жаргалтай байцгаая :) Аялал, ном, дуу хөгжим, кино бол амьдралын гайхалтай зүйлс юм. Энэ бүх гайхалтай зүйлсийг бусадтай хуваалцья.

No responses yet